Warcraft-н Түүх Бүлэг:1
• Титанууд ба ертөнцийн үүсэл гарал
• Саргэрас ба түүний урвалт
• Хуучин бурхад ба Азеротын үүсэл
• Нисдэг луунуудын үүрэг
• Дэлхийн сэргэн мандалт ба Мөнхийн булаг
• Эртний дайн
• Ертөнцийн төгсгөл
• Хижал уул ба Илиданы бэлэг
• Дэлхий Мод ба ногоон зүүд
• Дээд элфүүдийн цөллөг
• Харуулууд ба урт шөнө
Титанууд ба ертөнцийн үүсэл гарал
Ертөнц хэрхэн үүссэнийг хэн ч мэддэггүй.Зарим эрдэмтэд аймшигт огторгуйн дэлбэрэлт хязгааргүй уудам Хар Нүхэнд эргэлдэж буй тоо томшгүй олон биетүүдийг зүг бүрт илгээсний үр дүнд гайхамшигтай боловч аймшигтай олон төрлийн амьд биесийг бүтээсэн гэж үздэг. Харин бусад хүмүүс орчлон ертөнцийг нэгэн маш хүчирхэг ганц оршихуй бүтээсэн гэж итгэдэг. Гэсэн хэдий ч үүний жинхэнэ үүсэл гарал тодорхой бус хэвээр байгаа ба олон ертөнцөд тогтвортой байдлыг хадгалж өөрсдийг нь дагагч амьд амьтдын аюулгүй ирээдүйг нь бататгахын тулд хүчирхэг үндэстэнгүүд үүсч бий болсон нь тодорхой.
Алс хол огторгуйн гүнд орших мэталл арьст аугаа бурхад болох Титанууд шинэхэн үүссэн ертөнцийг судалж тааралдсан гаригууд дээрээ ажиллаж эхэлсэн байна. Тэд өндөр уул нурууд болон өргөн уудам далай тэнгисүүдийг бутээж байлаа. Тэд бас тэнгэрт агаар мандалыг ч үүсгэжээ.Энэ бүхэн нь тэдний эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд хийсэн учир битүүлэг бөгөөд алсын хараатай төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм.Тэд бүр тус тусын ертөнцөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж шударга байдлыг тогтоохын тулд эртний овог аймгуудад бүрэн эрх мэдлийг нь олгож байв.
Элит хэсэг болох Пантеонуудаар удирдуулсан Титанууд эрт үед Аугаа Хар нүхнээс цацарсан зуун сая гаригт дараалал бий болголоо.Шинэ ертөнцийн аюулгүй байдлыг сахисан сайн санаат Пантеонууд өөдгүй хорон санаат тамын эрэмдэг чөтгөрүүдийн дайралтаас үргэлж болгоомжилдог байлаа.Тоо томшгүй олон ертөнцийг холбосон ид шидийн замбараагүй бөөгнөрөл болсон өвөрмөц орон зай болох Там нь зөвхөн амьд ертөнцийн биетүүдийг устгаж тэдний энергийг сорох атгаг санаатай тоолж барамгүй олон аюултай чөтгөрүүдийн үүр уурхай юм.Харгис чөтгөрүүдийн заналхийллийг тэвчихээ байсан Титанууд тэдний энэ балмад явдалд эцсийн цэг тавихаар эрс шулуудсан билээ.
Саргэрас ба түүний урвалт
Цаг хугацаа өнгөрч чөтгөрүүд доод тамаас Титануудын ертөнцрүү нэвтрэх замыг нээж чадсан ба Пантеонууд өөрсдийн хамгийн агуу дайчин болох Саргэрасыг хамгаалалтын эхний шугаманд зогсоохоор сонгожээ. Язгууртан гаралтай аварга хүрэл Саргэрас мянга мянган жилийн турш тэдгээр чөтгөрүүдийг хайж олон тааралдсан газраа устган өөрийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байлаа. Тэр хугацаандаа Саргэрас биет ертөнцөд ч ноёрхолоо тогтоох чадвартай маш хүчирхэг хоёрын хоёр мангастай тулалдаж амжсан байлаа.
Чөтгөрийн шидтэн хорон санаат үндэстэн болох Эрэдарчууд өөрсдийн Варлокын шидээ ашиглан хэд хэдэн гаригуудын өөрсдийн мэдэлдээ оруулсан байлаа.Тэдгээр гаригуудын олон төрлийн үндэстэнгүүд Эрэдарчуудын хүчинд автаж тэдэнтэй цус холилдон өөрсдөө чөтгөр болон хувирч байлаа. Хэдийгээр Саргэрасын хязгааргүй мэт хүч чадал нь өөдгүй Эрэдарчуудыг ялахад хангалттай байсан боловч ялзарч буй тэдгээр үндэстэнгүүд болон өөртөө уусгаж буй чөтгөрүүд тэрэнд үнэхээр их бэрхшээл учруулж байлаа. Ийм завхралыг харж тэвчээгүй агуу Титан маань гүн хямралд орлоо.Гэвч тэр гутралаа үл харгалзан Саргэрас варлокуудыг тамын буланд шахан барьсанаар ертөнцийг тэднээс ангижруулж чадсан билээ.
Өөрийнх нь сэтгэлийн зовлон улам гүнзгийрч байхад Саргэрас Титануудын тушаалд саад хийх зорилготой бүлэг этгээдүүд болох Надрэзимчүүдтэй тулгарах шаардлагатай болсон байлаа.Эдгээр Вампиран чөтгөрүүд(Бас Дрийдлордууд ч гэж нэрлэдэг) нь олон тооны гаригуудад иргэдийг эрхшээлдээ оруулан тэднийг сүүдэр болгон хувирган өөрсдийн ноёрхолыг тогтоож байлаа.Бузар хуйвалдааны эзэд Дрийдлордууд бүхэл үндэстэн дунд хор хутгаж тэднийг хооронд нь сөргөлцүүлэн жигшил зэвүүцлийн үүр уурхай болгож байлаа.Саргэрас Надрэзимчүүдийг амархан ялсан боловч тэдний бусармаг явдал тэрэнд гүн нөлөөлсөн байлаа.
Эргэлзээ болон цөхрөлд гүн автсан Саргэрас эрүүл ухаанаа алдан өөрийн даалгавартаа төдийгүй Титанчуудын ертөнцийн дараалал хэмээх үзэл сурталд ч итгэл алдарч эхэллээ.Улмаар тэр дараалал хэмээх ойлголт нь өөрөө тэнэг явдал төдийгүй эмх замбараагүй байдал,завхрал нь зөвхөн харанхуй ганцаардмал ертөнцөд үнэмлэхүй гэж гүн итгэсэн байлаа.Бусад Титанууд тэрнийг сэнхрүүлэхийг хичээж тэрний уур хилэнг дарахаар оролдож байсан боловч тэр тэдний энэ өөдрөг үзлийн ердийн нэгэн төөрөгдөл хэмээн үл ойшоож байлаа.Тэднээс өөрийгөө үүрд тусгаарласан Саргэрас ертөнцөд өөрийн оршин тогтнох газраа хайхаар салж одлоо.Хэдийгээр Пантеонууд тэрнийг явсанд харамсаж байсан боловч Титанчууд өөрсдийн дүү нь хэр хол явах байсныг огтхон ч төсөөлөөгүй байсан юм.
Саргэрасын галзуурал тэрний шийдэмгий цог жавхаатай байдлын сүүлчийн ул мөрийг үгүй хийж дуусах үед тэр амьд биесийн мөхөлд Титанчуудыг буруутгаж эхэллээ. Тэдний орчлон ертөнцдөх үйл ажиллагааг нь зогсоохын тулд тэр биет ертөнцийг галд автуулахаар дийлдэшгүй арми бүрдүүлэхээр хатуу шийдсэн юм.
Саргэрасын титанын дүр төрх нь хүртэл ялзран үрчийж цайлган сэтгэлийг нь түнэр харанхуй бүрхжээ.Тэрний нүд,үс болон сахал нь галд дүрэлзэж тэрний мэталлаг хүрэл арьс нь түүний тоо томшгүй үзэн ядалтын цэврүү нь ч ил гарахаар хуваагдсан байлаа.Уур хилэндээ шатсан Саргэрас Эрэдар болон Надрэзимчуудыг шоронгоос суллан муу ёрын чөтгөрүүдийг чөлөөлжээ.Тэдгээр атгаг санаатнууд харанхуйн Титаны өмнө бөхийж ямар ч хамаагүй хорон аргаараа тэрний төлөө зүтгэхээ амлалаа. Эрэдарчуудын хүчирхэг хэсгээс Саргэрас өөрийн чөтгөрийн армийг удирдуулахаар хоёр шилдэгийг нь сонгожээ. Хууран мэхлэгч Кил’жаэдэн нь Саргэрасын армид ертөнцийн хамаг харанхуйн үндэстнүүдийг нэгтгэхээр томилогдсон бол Бузарлагч Аркимондэ нь Саргэрасын замд саад болсон хэнийг ч хүй тэмтрэх уудам армийг нь удирдахаар томилогджээ.
Кил’жаэдэний эхний нүүдэл нь вампиран Дрийдлордуудыг өөрийн аймшигт хүчин дор удирдах байлаа. Дрийдлордууд тэрний бууны ноход болж ертөнцөөр нэг хэсэн эртний үндэстнүүдийг олж уруу татан завхрал доройтолд оруулж байхдаа тааламжтай хандаж байлаа. Дрийдлордуудын анхдагч нь Харанхуйлагч Тикондриус байсан юм. Тикондриус Килжаэдэний төгс цэрэг байсан бөгөөд Саргэрасын хүсэл сонирхлыг ертөнцийн харанхуй булан бүрт түгээхээр ажиллаж байлаа.
Хүчирхэг Аркимондэ ч бас өөрийн гарын доорхи цэргүүдийг бүрдүүлж амжсан байлаа. Аюулт Пит Лордууд болон тэдний балмад удирдагч болох Устгагч Маннаротыг дуудан амьд бүгдийг устгах элит тулаанчдыг бүрдүүлэхийг зорьсон юм.
Саргэрас нэгэнт өөрийн армийг үй олноор цуглуулан тэрний ямар ч тушаалыг дагахад бэлэн болсоныг хараад тэрээр бүх хүчээ Агуу Харанхуйн уудамруу дагуулан аян дайнд мордлоо.Тэр өөрийн армийг Галт Лэгион гэж нэрлэжээ. Энэ үеийг хүртэл тэд хэдэн гаригийг эзэлж өөрсдийн галт аян дайныг ертөнц даяар хэр их дэгдээснийг тоолж барахын аргагүй.
Хуучин бурхад ба Азеротын үүсэл
Өөрсдийнх нь үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж буй Саргэрасын явуулгын талаар огтхон ч төсөөлөөгүй байгаа Титанчууд гаригаас гаригт шилжин тэднийг хөгжүүлж дараалалд оруулсаар байлаа. Аялалынхаа явцад тэд нэгэн бяцхан ертөнцийг нээсэн нь хожим Азерот гэж нэрлэгдсэн гариг байлаа. Тэд эртний газар нутгаар нь явж байхдаа муу санаат элемэнтэн биетүүдтэй тулгарсан юм. Хуучин бурхад хэмээх муу ёрын чөтгөрүүдийг бишрэн шүтэгч тэдгээр элемэнтэн биетүүд нь Титануудыг хөөн зайлуулж тэдний төмөр гараас нутгаа хамгаална хэмээн тангараг өргөсөн юм.
Хуучин бурхадын атгаг санаа Пантеонуудад саад болсон болохоор тэд элемэнтүүд болон тэдний харанхуйн эздийн эсрэг дайн зарлав. Хуучин бурхдын армийг хамгийн хүчирхэг элемэнтүүд болох Галын Эзэн Рагнарос, Чулуун Эх Тэразанэ, Салхины эзэн Ал’Акир, Давалгаат Ангууч Нэптулон нар удирдах болсон билээ. Тэдний замбараагүй их хүч нь газар дэлхийг чичрүүлэн аугаа Титануудтай тулалдаж байлаа. Хэдийгээр элемэнтүүдийн хүч чадал мөнх бусын ойлголтыг ч давсан байсан боловч хүчирхэг Титануудыг зогсож чадаагүй юм. Элемэнтүүдийн эзэд нэг нэгээрээ ялагдсаар улмаар тэдний бүх хүч барагдаж дууссан юм.
Пантеонууд Хуучин бурхадын цайз хэрмүүдийг нурааж тэднийг газрын гүнд гинжлэн хорьсон юм. Бадарсан хүслийг нь сэргээх Хуучин бурхдын хүч үгүй болсоноор элемэнтүүд хожим өөр хоорондоо үүрд тэмцэлдэх болсон учир битүүлэг нэгэн гаригруу цөлөгджээ. Элемэнтүүд явсанаар байгаль дэлхий амарч ертөнцөд нэг хэсэгтээ амар амгалан тогтов. Харин Титанууд өөрдөд нь нүүрлэх аюулыг урьдчилан харж бэлтгэл ажилдаа орсон байлаа.
Ертөнцийг цогцлооход нь туслахаар шийдсэн хэд хэдэн үндэстэнгүүдэд Титанууд эрх мэдлийг олголоо. Мөн газрын гүн дэх аюулт амьтдаас сэргийлэхэд туслуулахаар Титанууд шитэд амьд чулуугаар одойчуудыг бүтээв. Түүнчлэн далай тэнгисийг мануулж далайн ёроол дахь газрыг дээш нь гаргаж ирэх зорилгоор Титанууд хүчирхэг боловч номхон зантай далайн үлэмж биетнүүдийг бий болгожээ. Олон жилийн турш Титанууд гаригийг шинэчлэн хөгжүүлж нэгэн төгс цогцолбор бий болгохоор хичээж байлаа. Эх газрын төвд тэд нэгэн энергийн ундарга болсон нуурыг бүтээжээ. Мөнхийн Булаг хэмээн нэрлэгдсэн тэр нуур нь дэлхий дээрхи амьд бүхний эх үүсвэр болсон юм. Үүний хүчинд газар доорхи судал бүр эрчим хүчээр тэжээгдэж эх газрын баялаг хөрснөөс амьд ургамалын үр соёолж эхэлсэн билээ. Цаг хугацаа өнгөрч эх газарт төрөл бүрийн ургамал мод,араатан амьтад өсч үржжээ. Тэдний ажилын сүүлчийн өдрийн бүрэнхий унахад Титанууд энэ эх газрыг Калимдор буюу "Мөнхийн оддын туяаны нутаг” хэмээн нэрлэжээ.
Нисдэг луунуудын үүрэг
Бяцхан гаригыг дараалалд оруулах ажил нь амжилттай дууссанд сэтгэл нь ханасан Титанууд Азеротыг орхихоор бэлдэцгээв. Гэвч тэд явахынхаа өмнө Калимдорын амар амгалан байдлыг хамгаалж үлдээх зорилгоор эх газрын хамгийн хүчирхэг амьтдад энэ үүргийг оноожээ. Тэр үед маш олон нисдэг луунууд байсан юм. Харин тэдний дунд зөвхөн таван луу л бусдыгаа удирддаг байжээ. Титанчууд тэр тавд гаригыг хамгаалах эрхэм үүргийг хариуцуулан үлдээсэн юм. Хамгийн агуу Пантеонуудын өөрсдийн хүч чадлаас нэгээхэн хэсгийг луугийн удирдагч нарт үлдээжээ. Доор бичигдсэн эдгээр сүрлэг луунууд нь хожмоо Агуу Аспектүүд буюу Луун Аспектүүд гэж нэрлэгдэх болсон юм.
Пантеонуудын дээд эцэг болох Аман’Тул өөрийн агуу их сансрын хүчээс нэг хэсгийг аварга хүрэл луу Ноздормуд өгчээ. Тэгсэнээр Ноздорму цаг хугацааг хамгаалж мөнхөд үргэлжлэх хувь заяаны зам мөрийг хянах эрхтэй болсон юм. Үнэнч шударга байдал,тэсвэр хатуужлаараа гайхагдсан Ноздормуг хожим Гандан Бууршгүй Нэгэн хэмээн дурсах болжээ.
Бүх амьдралыг ивээн тэтгэгч Титан болох Эонар өөрийн хүч чадлын нэг хэсгийг улаан луу Алекстрасзад өгчээ. Түүнээс хойш Алекстрасзаг амь-холбогч хэмээн нэрлэх болсон бөгөөд түүнд дэлхий дээрх амьд бүхнийг хамгаалах үүрэг оногджээ. Түүний агуу мэргэн ухаан, амьд бүгдийн төлөө гэсэн хэмжээлшгүй нигүүсэн сэтгэл нь түүнд Луугын Хатан хаан хэмээх алдарыг авчирчээ.
Мөн Эонар Алекстрасзагийн охин дүү болох наалинхай ногоон луу Есэрад байгалийн нөлөөт хүчээ өвлүүлжээ. Тэгсэнээр Есэра мөнхийн нойронд умбаж амьд бүхний зүүдний ертөнцөд хүлэгджээ. Хожимоо Зүүдлэгч хэмээх нэрийг авсан тэрээр өөрийн ногоон ертөнц Маргад эрдэнийн зүүднээс өсч үржиж буй зэрлэг амьтдыг харж байхаар болсон юм.
Мэдлэг болон ид шидийн эзэн Титан Норганнон нь өөрийн хүчээс цэнхэр луу Малигост өвлүүлжээ. Түүнээс хойш түүнийг ид шид болон нууц арканиудыг хамгаалагч Шид-Бүтээгч хэмээн нэрлэх болжээ.
Гаригыг бүрэлдүүлэн цогцлоогч Титан Каз’горот өөрийн агуу хүчээсээ аварга хар луу Нэлтарионд өвлүүлжээ.Хожим Газрыг Хамгаалагч хэмээн нэрлэгдэх болсон чин зоригт Нэлтарион нь эх газар болон газрын гүнийг хамгаалан үлдэх үүргийг авчээ. Тэрээр газрын хүчийг өөртөө агуулж Алекстрасзагийн шилдэг хамтрагч болж чадсан билээ.
Ийнхүү их хүчийг олж авсан таван Аспект Титануудын эзгүйд эх дэлхийгээ хамгаалан үлдэх ажилдаа шамдан оржээ. Бүтээсэн амьдралыг нь луунууд хамгаалахад бэлтгэгдсэнийг хараад Титанууд Азеротыг үүрд орхин одлоо. Харамсалтай нь Саргэрас энэхүү шинэ ертөнцийг олж мэдэх нь ердөө цаг хугацааны асуудал байсан билээ....
Дэлхийн сэргэн мандалт ба Мөнхийн Булаг
Орк болон хүмүүсийн эхний дайн эхлэхээс арван мянган жилийн өмнө Азерот нь битүү далайгаар хүрээлэгдсэн нэг эх газартай байлаа. Калимдор хэмээх тэрхүү эх газар нь эрт үед харгис элемэнтүүдийн дарлалаас мултарч чадсан олон төрлийн араатан амьтдын өлгий нутаг билээ. Эх газрын төвд нууцлаг мөнхийн энергийн нуур байлаа. Мөнхийн булаг хэмээх тэр нуур нь дэлхий дээрхи байгалийн болон ид шидийн хүчний амин зүрх байсан юм. Агуу Харанхуй орон зайнаас энеэргиэ авдаг Булаг нь дэлхий дээрхи амьд бүхнийг оршин тогтнох үндэс нь билээ.
Цаг хугацаа өнгөрч балар эртний хүн дүрст шөнийн амьтад тэдний сэтгэлийг соронзон мэт татаж байсан үзэсгэлэнт нуурын эрэгт ирсэн байна. Булагийн өвөрмөц энергид татагдсан тэдгээр зэрлэг нүүдэлчид түүний амгалан эргийн дагуу өөрсдийн оромжоо барин тэндээ суурьшиж эхлэв. Цаг хугацааны явцад Булагаас гарах сансрын хүч овгийн хүмүүст нөлөөлж тэднийг хүчтэй,ухаантай бас бараг л үхэшгүй мөнхийн болгосон байв. Овгийнхон өөрсдийгөө тэдний хэлээр оддын хүүхдүүд гэсэн утгатай Калдорэйчууд гэж нэрлэх болов. Өөрсдийн хамтарсан нийгмийг байгуулсны тэмдэг болгож тэд нуурын хөндий нутгаар орд харш барьж эхлэв.
Хожимоо шөнийн элфүүд хэмээн нэрлэгдэх болсон Калдорэйчууд сарны бурхан Элюнийг шүтэх болж тэд түүнийг өдрийн цагаар булгийн гүнд нойрсдог хэмээн итгэдэг байлаа. Эртний шөнийн элфүүдийн зөнч мэргэдүүд өөрсдийн дийлдэшгүй сониуч зандаа хөтлөгдөн нуурын их хүчийн тайлагдашгүй нууцыг судлаж эхлэв. Тэдний нийгэм хөгжиж цэцэглэхийн хэрээр элфүүд Калимдорын хэмжээ хязгаарыг мэддэг болж өөр бусад иргэдтэйгээ ч учрав. Тэднийг зогсоосон амьтад бол эртний хүмүүс болон хүчирхэг луунууд байлаа. Аварга луунууд ихэнхдээ бусдаас тусгаарлагдмал амьдардаг боловч өөрт харъалагдсан газрыг аюулаас хамгаалахын тулд ихийг хийж байсан юм. Шөнийн элфүүд тэднийг дэлхийг хамгаалах үүрэгтэйг нь ойлгож тэд болон тэдний нууцыг хэвээр нь үлдээхээр шийдсэн билээ.
Олон жил өнгөрч шөнийн элфүүдийн сониуч зан бусад олон хүчирхэг оршихуйтай уулзуулж байснаас хамгийн хүчтэй нь ойн эзэн аугаа хагас бурхан Кэнариус байсан юм. Нинжин сэтгэлт Кэнариуст сониуч шөнийн элфүүд таалагдсанаар тэдэнд зэрлэг байгалийн талаар ихийг зааж сургажээ. Эвсэг Калдорэйчууд Калимдорын зэрлэг ой шугуйн талаар бат бөх ойлголттой болсон бөгөөд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг эрхэмлэх болжээ.
Урт удаан хугацааны турш шөнийн элфүүд соёл болон газар нутгийн аль алинаар нь цар хүрээгээ тэлжээ. Тэдний сүм дуган, зам, барилга байгууламжууд уудам эх газраар нэг тарсан байлаа. Шөнийн элфийн ухаалаг үзэсгэлэнт хатан хаан Азшара нуурын эрэгт гоёмсог ханан дунд нь үнэнч туслахуудтайгаа амьдрах нүсэр том ордон бариулжээ. Тэр өөрөө Күэл’дорэй буюу Дээд Төрөлтнүүд хэмээн дууддаг тэрний туслахууд хатан хааныхаа бүх тушаалыг дагаж өөрсдийгөө бусад ахан дүүсээсээ илүү гэж үздэг байлаа. Хэдийгээр Азшарад бүгд хайртай байсан боловч Дээд Төрөлтнүүдэд бусад нууцхан нь атаархаж тэднийг жигшдэг байжээ.
Мэргэдүүдийн Мөнхийн булагын талаарх сонирхолыг тэр ч бас хуваалцаж дээд төрөлтнүүдэд үүний гол нууц болон ертөнцөд орших зорилгыг нь судлахыг тушаав. Дээд төрөлтнүүд ажилдаа эрчимтэй орж Булагийг тасралтгүй судалж байлаа. Улмаар тэд Булгаас гарах сансрын энергийг удирдаж суржээ. Тэдний судалгаа урагшлахын хэрээр дээд төрөлтнүүд энэ шинэ хүчээрээ бүтээж сөнөөхийн аль алинийг хийж чадахаа ухаарав. Хэнэггүй дээд төрөлтнүүд эхэндээ ид шидийн хүчээс сүрддэг байсан боловч яваандаа үүнийг төгс эзэмшихийн төлөө уйгагүй зүтгэж эхэлжээ. Хэрвээ хариуцлага алдвал ид шид үнэхээр аюултай зүйл болохыг мэдсэн ч Азшара болон түүний дээд төрөлтнүүд үүнийг үл харгалзан шидийн урлагт шуналтайгаар суралцаж байлаа. Кэнариус болон олон ахмад шөнийн элфүүд тэдэнд тогтворгүй ид шидээр тоглох нь зөвхөн гай гамшиг л авчирна гэдгийг анхаарааруулж байсан юм. Гэсэн хэдий ч Азшара болон тэрний дагуулууд зөрүүдэлж өөрсдийн нэмэгдэж буй хүчийг улам ихэсгэхээр үргэлжлүүлж байлаа.
Тэдний хүч нэмэгдэхийн хэрээр Азшара болон дээд төрөлтнүүдийн зан чанар нь ч ихээр өөрчлөгдөв бусдаас хөндий байдаг дээд төрөлтнүүд үнэхээр хатуу сэтгэлтэй болж бусад шөнийн элфүүдээ дорд үзэж эхэлцгээв. Азшара ч өөрийн гоо үзэсгэлэнт төрхөө бусдаас хар нөмрөгөөр далдалдаг болов. Тэр өөрийн дотно хүмүүстэй ч уулзахаа больж өөрийн итгэлт дагуулууд болох дээд төрөлтнүүдийн шидтэнүүдээс өөр хэнийг ч өөрт нь ойртуулахыг хориглов. Ихэнх цагаа эртний друйдын урлагийг судалж өнгөрүүлдэг залуу судлаач Малфурион Стормрэйж нэгэн аймшигт хүч Дээд төрөлтнүүд болон тэдний хайрт хатныг нь уруу татаж байгааг олж мэджээ. Тэр маш аюултай чөтгөр ирж явааг урьдчилан харж чадаагүй ч тэр тун удахгүй шөнийн элфүүдийн амьдрал үүрд өөрчлөгднө гэдгийг ухаарсан байлаа....
Эртний дайн Warcraft I-ээс 10,000 жилийн өмнө
Дээд төрөлтнүүдийн ид шидийн замбараагүй хэрэглээ нь Мөнхийн Булагаас Агу Хар Ертөнцрүү энергийн долгион явуулж байлаа. Тэр энергийн долгионт урсгал нь аймшигт харь гаригийн мангасуудад мэдрэгдсэн юм. Ертөнцийг устгагч,хамаг амьдралын дайсан –Саргэрас ч тэр долгионыг мэдэрч үүний эх үүсвэрлүү жолоогоо чиглүүлжээ. Эртний ертөнц Азеротыг тагнуулдсанаар Саргэрасын шуналыг дээд цэгт нь хүргэсэн хязгааргүй энергийн эх үүсвэр болох Мөнхийн булагын талаар олж мэджээ. Нэргүй хоосон орон зайн аугаа харанхуйн бурхан бяцхан ертөнцийг устгаж түүний хязгааргүй энергийг өөрийн болгохоор эрс шулууджээ.
Саргэрас өөрийн хүчирхэг Галт Легионыг цуглуулж гэмгүй ертөнц Азеротыг эзлэхээр аян дайнд мордлоо. Легионы хүч сансар огторгуйн өнцөг булан бүрээс цугларч дайны сурагт улангассан сая сая чөтгөрөн цэргүүдээс бүрдэж байлаа. Саргэрасын дэслэгчид болох Бузарлагч Аркимондэ болон Устгагч Маннорот нар өөрсдийн тамын чөтгөрүүдийг ч дайнд бэлтгэсэн байлаа.
Өөрийн шунал тачаалд идэгдсэн хатан хаан Азшара Саргэрасын дийлдэшгүй хүчинд сүрдэж түүнийг өөрийнхөө ертөнцөд нэвтрэхийг зөвшөөрөв. Тэр бүү хэл Азшарагийн туслахууд ид ишдийн төлөө өөрсдийгөө худалдан Саргэрасыг бурхан мэт шүтэцгээж байв. Легионуудад үнэнч байдлаа харуулж дээд төрөлтнүүд хатныхаа тушаалаар нуурын гүнд мушгиралдсан орон зайн хаалгыг нээжээ.
Бүх бэлэн байдал нь хангагдсанаар Саргэрас Азеротыг эзлэн авахаар аймшигт халдлагаа эхлүүлжээ. Мөнхий Булагаар шуургалан орж ирсэн Галт Легионы чөтгөрөн дайчид шөнийн элфийн хотуудыг бүслэж эзэллээ. Аркимондэ болон Маннаротоор удирдуулсан Легионууд Калимдорын газар нутагт хэрэн хэсүүчилж дайралдсан газартаа үнс нурам л үлдээж байлаа. Муу ёрын Варлокууд галт инферналуудыг солирон бороо мэт буулган Калимдорын өндөр барилгуудыг нурааж байлаа. Дүүмгард гэгч цуст алуурчдын бүлэг Калимдорын нутагт урагшлан замдаа таарсан бүхнийг устгаж байлаа. Зэрлэг догшин тамын анч ноход энгийн номхон ард иргэдийг хүртэл хядаж байлаа. Хэдийгээр зоригтой Калдорэйчууд эх нутгаа хамгаалахаар бүх хүчээ шавхан тулалдаж байсан боловч Легионы хүчтэй дайралтын өмнө яахын аргагүй хүчин мөхөсдөж улам улмаар эзлэгдсээр байсан юм.
Энэ бүхэн Малфүрион Стормрэйжийг хэлмэгдсэн ард иргэддээ туслахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Стормрэйж өөрийн дүү болох Илиданыг бусармаг явдалтай дээд төрөлтнүүдийн ид шидэнд суралцаж байсанд нь дургүйцдэг байжээ. Илиданыг энэ бүхнээ орхихыг ятган ухуулж Малфүрион Кэнариусыг олж энэ бүхний эсрэг зогсох хүчийг цуглуулахаар явлаа. Үзэсгэлэнт залуу шидтэн Тирандэ Элюний нэрийн өмнөөс ах дүү хоёрт туслахаар шийджээ. Хэдийгээр Малфүрион, Илидан хоёр хоёулаа Тирандэд хайртай байсан боловч Тирандэгийн зүрх сэтгэл зөвхөн Малфүрионд л харъялагдаж байсан юм. Илидан хэдийгээр хайр сэтгэлийг нь булаасан ахдаа хорсож байсан боловч энэ хорсол нь түүний ид шидэнд шунасан сэтгэлийнх нь хажууд юу ч биш гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Ид шидийн хүчнээс шууд хамааралтай болсон Илидан нуурын нөөц энергийг хэрэглэх гэсэн дийлдэшгүй хүслээ захирахаар тэмцэлдэж байлаа. Гэвч Тирандэгийн шаргуу оролдлогоор тэр өөрийгөө захиран ахдаа туслаж хагас бурхан Кэнариусыг хайж олохоор шийджээ. Хижал уулын гүндэх ариун ойн цоорхойд нутаглаж байсан Кэнариус шөнийн элфүүдэд туслахаар зөвшөөрч эртний луунуудыг хайж олон тэдний хүчийг зузаатгажээ. Аварга улаан луу Алекстрасзагаар удирдуулсан луунууд тамын шитдэн болон муу ёрын чөтгөрүүдийг хүйс тэмтрэхээр эрс шийджээ.
Кэнариус ойн сүнснүүдийг дуудаж эртний модон хүмүүсээр армиа бүрдүүлж Легионуудын эсрэг эрэлхэгээр байлдав. Шөнийн элфийн холбоотнууд Азшарагийн цайз болон дайны галд сүйдсэн Мөнхийн булагын хөндийд цугларлаа. Хэдийгээр хүчээ нилээдгүй зузаатгасан ч Малфүрион болон тэрний хамтрагчид зөвхөн цэргийн хүчээр Легионуудыг дийлэх боломжгүй гэдгийг ухаарчээ.
Аймшигт тулалдаан нийслэл хотод нь үргэлжил байхад Азшара Саргэрасын ирэхийг хүлээж байлаа. Легионуудын эзэн Мөнхийн булагаар дамжин сүйрсэн ертөнцөд айлчлахдаа бэлдэж байсан юм. Аварга том сүүдэр нуурын эрэгт улам улам тодорч байхад Азшара өөрийн хамгийн хүчирхэг Дээд төрөлтнүүдийг цуглуулан тэдний шидийг холбон зөвхөн нэг цэгт төвлөрүүлж Саргэрасыг багтаж орох хэмжээний том орон зайн хаалгыг нээхээр оролдож байлаа.
Калимдорын нутагдах дайн туйлдаа хүрч байхад нэгэн санаанд оромгүй зүйл боллоо. Бүх үйл явдалд цаг хугацааны гажуудал үүсч байх шиг болжээ. Харин энэ бүхэн нь гагцхүү Легионуудтай хийж байсан тулалдааны үеэр газрын луу Нэлтарион галзуурсанд байжээ. Тэр уур хилэнгээсээ болж газар дэлхийг чичрүүлэн галт уул дэлбэлж байлаа. Өөрийнхөө нэрийг Дийтвинг болгон өөрчилсөн галзуу луу бусад ахан дүүсээсээ урваж таван нисдэг луу дайны талбараас шахагдсан юм.
Дийтвингийн урвалт үнэхээр хор хөнөөлтэй байсан бөгөөд таван лууг дахин хэзээ ч бүрэн илааршихааргүй болгожээ. Хүнд шархдаж бас цочирдсон Алекстрасза болон бусад язгууртан луунууд өөрсдийн холбоотнуудаа орхиход хүрэв. Улмаар цэргийн хүчээр илт давамгайлуулсан Малфүрион болон тэдний нөхөд хүчтэй дайралтуудаас арай гэж мултарчээ.
Мөнхийн булаг нь чөтгөрүүдийн биет ертөнцөд орж ирэх цорын ганц үүд хаалга гэдгийг мэдсэн Малфүрион үүнийг устгахыг шаардаж байлаа. Булаг бол тэдний мөнх нас болон хүч чадлынх нь эх үүсвэр гэдгийг сайн мэдэх түүний хамтрагчид энэ хатуу шийдвэрээс айж байлаа. Гэвч Тирандэ Малфүрионы энэ ухаалаг шийдвэрийг зөвшөөрч Кэнариус болон тэдний нөхдөөс Азшарагийн цайзруу нэвтэрч Булгийг устгах аргыг хайж олохыг гуйжээ.
Ертөнцийн төгсгөл
Булаг уствал мөнхий шидээсээ хагацана гэдгийг мэдсэн Илидан тэднийг нууцаар орхиж дээд төрөлтнүүдэд Малфүрионы төлөвлөгөөг хэлэхээр явжээ. Гүн донтолт болон Тирандэг ахтайгаа хардсан сэтгэл нь түүнийг галзууруулсан болохоор Малфүрионоос урваж Азшара болон тэдний төрлийнхөнтэй нэгдсэндээ тэр огтхон ч харамсахгүй байлаа. Мөн Илидан ямар ч аргаар хамаагүй Булгийг хамгаалахаар шийдсэн юм.
Өөрийн дүүг урвасанд сэтгэл нь шархалсан Малфүрион өөрийн нөхлийг дагуулан Азшарагийн гол цайзруу дайрлаа. Тэд хамаг хурдаараа гол танхимруу дайрч орсон боловч дээд төрөлтнүүд сүүлчийн хар шившлэгээ уншиж байсан юм. Шидэт тарни нуурын гүнд аварга том хүчтэй эргүүлэг үүсгэж байлаа. Саргэрасын аймшигт сүүдэр гадаргад улам дөхөж байхыг хараад Малфүрион хамтрагчидтайгаа тэдэнрүү шуургалан дайрлаа.
Илиданы анхааруулгыг авсан Азшара тэр дайралтад маш сайн бэлтгэгдсэн байжээ. Галзуу хатны өмнө Малфүрионы бараг бүх цэргүүд дуусч байхад Азшарагийн ардаас гэнэдүүлэн дайрахаар оролдох үедээ Тирандэ хатны хамгаалагчдад баригджээ. Хэдийгээр хамгаалагчдыг устгасан боловч Тирандэ маш хүнд гэмтэл авчээ. Хайртай бүсгүй нь унахыг хараад Малфүрион маш ихээр хилэгнэж Азшарагийн амийг хөнөөхөөр эрс шулууджээ.
Цайзын дотор болон гадна талд тулаан үргэлжилж байхад Илидан нуурын ойролцоох харанхуй шугуйгаас гарч ирлээ. Тусгайлан бэлтгэсэн шилэн савнууддаа Илидан нуурын гялалзсан уснаас дүүргэжээ. Чөтгөрүүд шөнийн элфүүдийг тэр чигт нь устгана гэж бодсон болохоор тэрээр ариун уснаас хулгайлж өөртөө зориулан хадгалаар шийдсэн юм.
Малфүрион болон Азшара хоёрын тулаанаас болж Дээд төрөлтнүүдийн болгоомжтой үйлдсэн шидийн зан үйл нь эмх замбараагаа алджээ. Жолоодлогоо алдсан нуурын эргүүлэг дэлбэрч дэлхийг тэр чигт нь сүйрүүлэх хэмжээний аймшигт үйл явдал болжээ. Аварга дэлбэрэлт цайзыг тэр чигт нь нурааж тэр бүү хэл газрын гадаргыг чичрүүлэн хоёр хэсэг хувааж орхижээ. Сөнөсөн нийслэлд Легионууд болон шөнийн элфүүдийн тулаан үргэлжилж байхад ханаран урсах Мөнхийн булаг сүйрч газрын ёроолруу хамагдан орлоо.
Аймшигт дэлбэрэлтийн үр дүнд газар дэлхий бутран хуваагдаж тэнгэр огторгуйг тоос шороо бүчин авчээ.
Түүний дараа хуваагдсан хэсгээр далай түрэн орж ирлээ. Калимдорын эх газрын бараг наян хувь нь устаж үгүй болсон бөгөөд зарим хэсгүүд нь л далайгаар хүрээлэгдэн үлджээ. Өмнө нь Мөнхийн булаг байсан шинэ тэнгисийн голд эмх замбараагаа алдсан энергийн хар шуурга л үлджээ. Хожим Маэлстром хэмээн нэрлэгдэх болсон энэ үлдэгдэл хилэнт эргүүлгээ хэзээ ч зогсоогоогүй юм. Энэ нь аюулт гамшигийн байнгын сануулга буюу нэгэнтээ үүрд алга болсон энх тайван цагийн тэмдэг болон үлдсэн билээ.
Хачирхалтай нь Азшара болон тэрний дээд төрөлтнүүд энэхүү хүнд сорилтоос амь мултарсан байлаа. Өөрсдийнхөө суларсан хүчинд орооцолдон тарчлагдсан Азшара болон тэрний дагуулууд Булгийн хүчинд татагдан далайн ёроолруу сорогдон оржээ. Хараагдаж хувирсан тэд шинэ төрхтэй болж үзэн ядалтаар дүүрэн усны Нага болжээ. Азшарагийн хэмжээлшгүй их уур хилэн, үзэн ядалт нь тэрнийг энэ бүхнийг нь тольдон харуулах мэт дүр төрхтэй болгосон байлаа.
Маэлстромын ёроолд Нагачууд өөрсдийн Назжатар хэмээх хотыг байгуулан хүчээ эргүүлэн сэлбэж байлаа. Нагачууд гадаад ертөнцөд гарч иртлээ арван мянган гаруй жил болсон юм.
Хижал уул ба Илиданы бэлэг
Цөөн тооны шөнийн элфүүд аймшигт дэлбэрэлтээс амьд гарч ядруухан хийсэн салаар ойрхон харагдах эх газарлуу зүглэсэн билээ. Элюний авралаар Малфүрион, Тирандэ, Кэнариус нар аугаа сүйрлээс мултарсан юм. Эцэж сульдсан баатрууд бусад амьд үлдэгсдийг удирдан жолоодож шинэ гэр оронтой болгохоор амлав. Тэд чимээгүйн дунд аялаж байхдаа өөрсдинх нь дэлхий сүйрч балгас болсоныг хараад өөрсдийнх нь дур сонирхол өөрсдийг нь ингэж шийтгэснийг ухаарчээ. Хэдийгээр Саргэрас болон тэрний Легионууд газрын хөрснөөс арчигдсан ч Малфүрион болон түүний нөхөд агуу ялалтыг аймшигт гарз хохиролоор олж авсанаа тунгаан явлаа.
Тэр үед олон дээд төрөлтнүүд гамшигаас амьд үлдсэн байлаа. Тэд шинэ газрын эрэлд бусад шөнийн элфүүдтэй хамт явж байсан юм. Хэдийгээр Малфүрион тэдэнд итгэл алдарсан боловч нэгэнт Булгийн хүчгүйгээр тэд юу ч хийж чадахгүй гэдгийг мэдэж байсан болохоор тайван байлаа.
Шинэ газрын эрэгт олон тооны элфүүд газардсаны дараа тэд ариун уул Хижал гамшигаас аврагдсаныг харжээ. Өөрсөддөө шинэ гэр орон хайж Малфүрион болон шөнийн элфүүд Хижал ууланд авирч түүний салхи сэвэлзсэн оройд гарчээ. Уулын оройд байх өтгөн шугуйгаар явж байхдаа тэд нэгэн бяцхан тогтуун нуурыг олжээ. Гайхалтай нь тэд нуурын ус ид шидээр цалгиж байхыг харлаа.
Сүйрлээс мөн л амьд үлдсэн Илидан Хижал уулын оройд Малфүрион болон шөнийн элфүүдээс түрүүлэн очсон байжээ. Дэлхийд ид шидийн урсгалыг авч үлдэх галзуу хүсэлдээ хөтлөгдсөн Илидан Мөнхийн Булгаас савлаж авсан ариун усыг уулын нууранд цутгажээ. Булагийн хүчтэй энерги хурдан шатаж нэгдсэнээр шинэ Мөнхийн Булгийг үүсгэсэн байлаа. Үүнийгээ шинэ үеийнхэнд юугаар ч сольшгүй бэлэг болно гэж итгэж хөөрсөн Илидан ахыгаа тун ихээр цочирдуулжээ. Малфүрион дүүдээ ид шид бол маш тогтворгүй бөгөөд үүнийг хэт их хэрэглэх нь зөвхөн завхрал гажуудал, тэмцэл мөргөлдөөнд л хүргэнэ гэдгийг тайлбарласан боловч Илидан өөрийн ид шидийн хүчээс татгалзахыг огтхон ч зөвшөөрөхгүй байлаа.
Илиданы энэхүү харгис төлөвлөгөө хаана ч эрчээ авч мэдэхийг гадарласан Малфүрионд өөрийн хүчинд шунасан дүүгээ номхотгохоос өөр арга байсангүй. Тэгээд Кэнариусын тусламжтайгаар Малфүрион Илиданыг газар доорхи аварга том шоронд хорьж амьдралынх нь эчсийн мөч хүртэл гинжилж, хүчин мөхөс байлгахаар болжээ. Аюулгүй байдлыг бодолцон Малфүрион залуу сахиул Майэв Шадовсонгийг Илиданы харгалзагчаар томилсон билээ.
Шинэ булгийг устгах нь бас нэгэн гамшиг учруулж болзошгүй гэж үзсэн учраас шөнийн элфүүд түүнийг хэвээр нь үлдээхээр шийджээ. Гэвч Малфүрион тэднийг дахин шидийн урлагт суралцахыг хориглосон байна. Зөвхөн Кэнариусын нүдний өмнө нь л тэд сүйрсэн дэлхийгээ сэргээж Хижал уулын бэлд хайрт ой модоо дахин ургуулах зорилгоор эртний друйдын урлагт суралцаж байлаа.
Дэлхий Мод ба ногоон зүүд Warcraft I-ээс 9000 жилийн өмнө
Олон жилийн турш шөнийн элфүүд хуучин эх нутгаа дахин сэргээхийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөөр иржээ. Нурж балгас болсон хуучин барилга болон замаа тэр чигт нь орхиж Хижал уулын сүүдэрт бэлд ургасан ногоон төгөлд өөрсдийн шинэ гэр орныг барьж эхэлсэн юм. Тэр үед их сүйрлээс амьд үлдэж чадсан луунууд өөрсдийн оромжийг орхин нүүж байлаа.
Улаан Алекстрасза, ногоон Есэра болон хүрэл Ноздорму нар друйдуудын амгалан ойн цоорхойд бууж шөнийн элфүүдийн хийсэн ажлийн үр шимийг шалгаж байлаа. Хүчирхэг нуман друйд болсон Малфүрион аварга луунуудтай мэндчилж тэдэнд шинэ Мөнхийн булгийн талаар дуулгажээ. Булаг байгаа цагт Легионууд нэг л өдөр дахин ирж дэлхийг сүйтгэж болзошгүй хэмээн агуу луунуудаас сэрэмжтэй байхыг хүслээ. Малфүрион болон гурван луу Булгийн аюулгүй байдлыг хадгалж Галт Легионы тагнуулууд дахин хэзээ ч дэлхийг олохгүй байлгах талаар гэрээ байгуулжээ.
Амь холбогч Алекстрасза нэгэн шившлэгтэй царсны боргоцойг нуурын гүнд хийжээ. Боргоцой нуурын шидэт усанд түргэн идэвхжэж аварга том мод болон ургалаа. Аварга модны үндэс нь булгийн усаар тэжээгдэн ногоон лавир нь тэнгэрт шүргэж байлаа. Аварга мод нь шөнийн элфүүд болон амьд байгалийн хоорондох нандин холбоог мөнхөд бэлгэдэн үүний амьдрал тэтгэгч энерги нь дэлхийг тэр чигт нь эдгээж байсан юм. Шөнийн элфүүд өөрсдийн Дэлхий Моддоо Нордрассил буюу "тэнгэрийн титэм” хэмээх шинэ нэрийг өгчээ.
Цаг хугацааг үл ажрагч Ноздорму Дэлхий Модод тарни суулган аварга модыг сүндэрлэж байгаа цагт шөнийн элфүүд хэзээ ч хөгширч болон өвчилж үхэхгүй байхаар болгожээ.
Мөн Зүүдлэгч Есэра ч өөрийн Ногоон Зүүд хэмээх тусдаа орон зайн ертөнцийг Дэлхий Модтой холбох шившлэг уншжээ. Аугаа үүрд мөнхийн сүнсэн ертөнц болох Ногоон Зүүд нь биет ертөнцийн хилээс ангид байдаг оршихуй билээ. Есэра Байгалийн урсгал болон дэлхийн хувьслын замыг Ногоон Зүүдтэй холбосноор Дэлхий модоор дамжуулан Малфүрион болон бусад шөнийн элфүүдийн друйдууд Ногоон Зүүдэд нэвтэрч чаддаг байхаар зохицуулжээ. Гэрээний нэг хэсгийн дагуу Есэрагийн зүүдний ертөнцөд аялахын тулд друйдууд зуу зуун жилийн турш гүн нойрсох шаардлагатай байлаа. Хэдийгээр друйдууд энгийн амьдралаасаа маш олон жилийг ингэж алдах болсондоо гонсойж байсан боловч тэд Есэратай хийсэн тохиролцоогоо дарахаар шийдэн энэхүү саналыг хүлээж авчээ.
Дээд элфүүдийн цөллөг Warcraft I-ээс 7300 жилийн өмнө
Зуу зуун жил өнгөрч шөнийн элфүүдийн шинэ нийгэм өргөжин тэлж Ашэнвалэ гэж тэдний нэрлэдэг өтгөн шугуйгаар нэг тархжээ. Их сүйрлээс өмнө элбэг байсан фүрболгууд болон күйлбор гэх мэтийн олон төрлийн араатан амьтад дахин гарч ирэн шинэ нутагт олноороо өсч үржжээ. Друйдуудын өгөөмөр удирдлагын дор шөнийн элфүүд оддын дор урьд байгаагүйгээрээ амгалан тайван амьдарч байлаа.
Гэвч олон дээд төрөлтнүүд энэ бүхэнд тийм ч сэтгэл хангалуун бус байлаа. Тэд Илиданы мөн адил ид шидийн төлөөх шунаж тачаадсан сэтгэлийг нь хорьсонд ундууцаж байсан юм. Тэд булгийн энергийг ашиглан ид шидэд суралцаж цангасан сэтгэлээ баясгахаар хичээдэг байжээ. Дээд төрөлтнүүдийн түрэмгий удирдагч Дат’Рэмар угаас өөрсдийнх нь гэж үздэг ид шидийг хэрэглэхээс татгалзсанд друйдуудыг хулчгар хэмээн олны өмнө доромжилж байлаа. Малфүрион болон друйдууд Дат’Рэмарын энэ шаардлагыг авч хэлэлцээгүй бөгөөд ид шид хэрэглэх оролдлого гаргавал үхэх ялтай гэдгийг Дээд төрөлтнүүдэд санууллаа. Энэхүү шийдвэрт уурлаж бачуурах дөхсөн Дат’Рэмар болон түүнийг дагагсад друйдуудаас тушаалаа цуцлахыг шаардаж эс бөгөөс Ашэнвалэд аймшигт ид шидийн шуурга тавина хэмээн заналхийлэв.
Друйдууд өөрсдийн олон ахан дүүсийг үхэлрүү нь түлхэж зүрхлээгүй учраас тэд Дээд төрөлтнүүдийг газар нутгаасаа хөөхөөр шийджээ. Дат’Рэмар болон түүний дагуулууд ч хуучинсан үзэлтэй ахан дүүсээсээ салахдаа баяртай байсан бөгөөд өөрсдийн тусгайлан бэлтгэсэн хөлөг онгоцондоо суун далайд гарч алсын аялалдаа морджээ. Хэдийгээр тэдний хэн нь ч догшин Маэлстромын цаана өөрсдийг нь юу хүлээж байгааг мэдээгүй ч тэд шинэ шинэ газарт нутаглан хүссэнээрээ ид шид хэрэглэх боломжтой болсондоо догдолцгоож байлаа. Дээд төрөлтнүүд буюу эрт үед Азшарагийн нэрлэж байснаар Күэл’Дорэйчууд удалгүй Лордаэрон хэмээн нэлэгддэг зүүн зүгийн эх газрын эрэгт буужээ. Тэд өөрсдийн Күэл’Талас хэмээх шидэт хаант улсаа байгуулж шөнийн элфүүдийн сарыг шүтэх үзэл болон шөнийн идэвхитэй амьдралыг халжээ. Эцэст нь тэд зөвхөн дээд элфүүд гэж нэрлэгдсэн өдрийн амьдралтай иргэд болжээ.
Харуулууд ба урт шөнө
Дэггүй хамаатнууд нь явсаны дараа шөнийн элфүүд үзэсгэлэнт нутгийнхаа аюулгүй байдалд дахин анхаарлаа хандуулжээ. Ичээндээ орох цаг нь дөхэж буйг мэдэрсэн друйдууд хайртай хүмүүс,гэр бүлийнхэнтэй салах ёс гүйцэтгэж унтахаар бэлдэцгээв. Элюний дээд удган болсон Тирандэ өөрийн хайр Малфүрионыг битгий яваач гэж гуйв. Гэвч Малфүрион зүүдний ертөнцрүү явахаар амласан учраас түүнийг тэврэн тэдний хайр мөнхөд үргэлжлэх цагт тэд хэзээ ч хагацахгүй хэмээн амлажээ.
Калимдорыг хамгаалахаар ганцаараа үлдсэн болохоор Тирандэ шөнийн элфийн эгч дүүс дундаас хүчирхэг цэргүүдийг цуглуулав. Калимдорыг амиараа хамгаалахаар тангараг өргөсөн дээд түвшний зоригт эмэгтэй дайчдыг Харуулууд хэмээн нэрлэжээ. Тэд хэдийгээр Ашэнвалийн сүүдэрт ойг өөрсдийн хүчээр хамгаалахыг эрхэмлэдэг боловч шаардлагатай үед тэдэнд юугаар ч туслахаас буцахгүй олон холбоотнууд байсан юм.
Хагас бурхан Кэнариус Хижал уулын ойн цоорхойд амьдарсан хэвээр байлаа. Түүний хөвгүүд болох Төгөлийг Хамгаалагчид шөнийн элфүүдтэй ойрхон нутаглаж Харуулуудын үйл ажиллагаанд байнга тусалдаг байжээ. Кэнариусын ичимхий охид дриадууд хүртэл олноороо гарч иржээ.
Ашэнвалэд хяналт тавих ажил нь Тирандэг завгүй байлгаж байсан боловч Малфүриогүйгээр тэрний амьдрал бага зэрэг уйтгартай байлаа. Друйдуудыг нойрссоноос хойш олон зуун жил өнгөрөхийн хирээр дахин ирж буй чөтгөрийн халдлага тэрний сэтгэлийг улам ихээр түгшээж байв. Огторгуйн харанхуй ертөцийн цаана Галт Легион одоо ч байсаар байгаа бөгөөд шөнийн элфүүд болон Азеротоос өшөөгөө авахаар ирж магадгүй хэмээх бодол Тирандэгийн толгойнос салахгүй л байлаа.